Wednesday, December 12, 2012

Маргааш гэж өдөр байдгийг хэзээ ч бүү март...үргэлжлэл

Хаяггүй захидал
Эрдэнэ сурсанаараа өглөө босон өглөөний сонин гарчиглан суутал хаалганых нь фэнгшүй дуугаран хэн нэг нь ирж байх шиг дуулдав. Үйлчлэгч ирж байна хэмээн бодоод нэг их анзаарсангүй. Учир нь гадаах хашааных нь түлхүүр зөвхөн түүний үйлчлэгч Эрдэнэ хоёрт л байдаг учраас. Үүнтэй зэрэгцэн тэрээр цагаа хараад
Өнөөдөр ямар орой ирж байх юм. Тэгээд хэзээдээ надад цай бэлдээд тавьчихдаг билээ...хэмээн гайхан бодох бодолтой нь зэрэгцэн гал тогооны өрөөнд нь орж ирсэн залуу
Сайн байна уу ерөнхийлөгч өө би хүрээд ирлээ гэх дуунаар эргэн харвал түүний итгэлт туслах Энхээ инээмсэглэн зогсож байв.
За дүү сайн явж ирэв үү хэзээ ирэв дээ?
Урд шөнө ирсэн. Тэгээд өглөө босонгуутаа ах таны амрыг мэдэхээр хүрээд ирлээ
Сайн байна. За тэгээд явсан ажил бүтэмжтэй биз дээ хэмээх асуусан харцнаас хүүгийнхээ сургийг гаргаж чадсан эсэх талаар асууж буйг нь төвөггүй уншихаар байв.
Бүх зүйл яг ярилцаж тохиролцсоноор болсон. Германы тал манай саналыг зуун хувь дэмжиж хамтарч ажилахаа хэлсэн. Бас Норвегийн тал ч нааштай хариу өгсөн уулзалт маш амжилттай болсон
Сайн байна аан нөгөө асуудал юу болсон хэмээн тэсэхгүй асуувал Энхээ барьж ирсэн цүнхээ уудлан
Санчирын сургийг гаргаж чадаагүй л байна. Сүүлд Англид хар тамхины хэргээр баригдаад сууж байхад нь та барьцаа мөнгийг нь өгч суллуулсанаас хойш ямарч сураг гарахгүй л байна
Энэ олон жил өнгөрч байхад яасан тавьдаггүй гомдол вэ...хэмээн өөртөө үглэсэнээ тэгээд яасан гэнээ хэмээн ямар ч холбогдолгүй зүйл сөргүүлэн асуув. Энхээ хариуд нь энэ хурлын протокол байна хэмээвэл Эрдэнэ бичиг баримтыг хайхрамжгүй мэт боловч нарийн нягтлан харан үзэж дуусгав. За сайн байна. Нэг хонгийн амралт болно биз дээ?
Тэгэлгүй яахав баярлалаа таньд. Өө нээрээ мартах шахаж дахиад л өнөөх хаяггүй захидал ирсэн
Алив буцах хаяг алга уу? Дахиад ажлын газрын хаягийг бичиж ээ. Үсгийн хэвээ таниулахгүй гэж гараар бичээгүйг бодоход нэг л учир байна. Тэрээр бушуухан захиаг задалбал ” Сайн байна уу эрхэм хүндэт Эрдэнэ таньд энэ захиаг унших өдрийн амар амгаланг эрье. Энэ миний хувьд таньд үзүүлж буй сүүлийн эелдэг байдал минь шүү. Хүү чинь хүнд өвдсөн эмчилгээний мөнгө хэрэгтэй байгааг би таньд хэрхэн хэлбэл ойлгох бол. Шоронгоос суллагдаад гудамжинд байхад нь би эртний мэддэг хүний хувиар өрөвч сэтгэл гарган өөрийн гэртээ асрамжилж байна. Хар тамхинд гүн орсон түүнийгээ хэрэглэхгүй л бол байж чаддаггүй. Энэ зургийг захиаг явуулахын урд өдөр авсан. Бас та миний хойноос битгий хүнээ явуулаарай. Би хүүг чинь харж хандах нэг ч хүнгүй ганцааранг нь орхиод явчих бодол бас байгааг хэлмээр байна. Одоо надад 10 000 доллар явуул. Энэ удаа энэ шуудангийн хаягаар явуулаарай. Хоёр долоо хонгийн дотор мөнгө ирэхгүй бол хүүг чинь гудамжинд гаргах болно 2010-10-10” хэмээн Англи хэл мэддэг болхоор төвөггүй уншин ойлгоод хүүгийнхээ зургийг харвал хүү нь турж эцэн нүд нь аягаа тойрон хөхөрсөн харваас өвдсөн нь илт харагдахад тэрээр шүүрс алдаад зургийг харсан чигтээ
Чи үүнийг юу гэж бодож байна?
Уучлаарай ерөнхийлөгчөө би сайн хэлж мэдэхгүй байна
Энэ хаягийг шалга. Урд нь захиа явуулж байсан хаяг мөн бишийг. Мөн энэ шуудан хэн гэж хүний нэр дээр байдаг, хаана юу хийдэгийг нь шалгаж мэд
Ойлголоо ерөнхийлөгчөө. Би таныг хүүгээ олоосой гэж чин сэтгэлээсээ хүсч байна
Тиймээ би ч гэсэн олохыг чин сэтгэлээсээ хүсч байна. Нэг л өдөр би эндээс явна. Тэр цагт хуруу хумсаа хуйхлан барин цуглуулсан хөрөнгөө хэн ч биш нэгэнд үлдээмээргүй байна
Тийм шүү таньд ах, дүү байдаггүй юмуу?
Энэ чамд хүртээлгүй. Чи бол миний итгэлт туслах, сайн ажилтан. Тиймд тэр юмаа л мэдэж байвал барав
Уучлаарай ерөнхийлөгчөө би таныг гомдооё гэж бодоогүй юм шүү зүгээр л би ч бас таньтай адил санаа зовж байгаа болхоор асуучихлаа
Ойлгож байна, ойлгож байна. Одоо явдаа эртхэн харьж амар. Энхээг гаргасаны дараа Эрдэнэ өнөөх захидлыг дахин, дахин уншин өмнөх захидалуудтай харьцуулан сууна. Тэнд ямар нэгэн сул үг хэрэглэсэн захидал нэг ч алга. Бүгд л дээрхийн адил түүнээс хүүгийнх нь төлөө мөнгө нэхэмжилсэн харагдана. Эрдэнэ анх захидал ирсэн цагаас л хэлсэн мөнгийг нь явуулсаар байгаа аж. Хэдий тийм боловч захианы эзэн хүүтэй нь ядаж нэг удаа утсаар яриулсангүй харин зургийг нь л явуулдаг байв. Өнөөдрийн энэ захидал түүнд ирсэн 6 дахь захидал. Эрдэнэ хэрхэхээ мэдэхгүй дахиад л бодолд дарагдан гаансаа гарган тамхи нэрэн суухдаа өнгөрсөнөө эргэцүүлнэ.
****
Эрдэнэ хүүгээ эргэж ирсэний маргааш нь туслахаа дуудан надад мэдэгдэхгүйгээр миний хүү хэлсэн ч мөнгө явуулж болохгүй хэмэн үүрэг өгөөд банкруу ярин хүүгийнхээ дансыг хаалгав. Тэрээр эртнээс банк байгуулахаар хөөцөлдөж байгаа бөгөөд өнөөдөр тэр асуудлаараа Сангийн яамны хүнтэй уулзахаар гарав.
Та банк байгуулаад дампууруулахгүй ажиллаж чадна гэдэгтээ итгэл төгс байна уу?
Хэн бүтэхгүй гэж ажил эхлүүлдэг билээ. Би ялалтанд дуртай. Ялж байжил л санаа минь амардаг
Таны хөрөнгийн эх үүсвэр?
Би улсад хэдэн саяар нь татвар төлдөг. Баримт нь ч байгаа. Энэ хангалттай биш үү?
Тиймээ таныг мэднэ. Манайдаа дээгүүрт бичигдэж эхэлж байгаа групп гэдгээр чинь мэднэ. Би яахав чадлаараа дэмжинэ. Харин та банкны үйл ажиллагааны талаар нарийн сайн судлаж зохих хэмжээний мэдлэгтэй болоодхоорой доо
Тэгэлгүй яахав би анх банк байгуулах санаа орж ирсэн цагаасаа л судалж суралцаж эхэлсэн. Зүүдэлсэн зүүдээ ургуулан ярьж түүндээ итгэдэг жаахан хүүхэд биш болхоор бүх зүйлийг нарийн нягт бодож тооцоолсоны үндсэн дээрээс ийнхүү шийдвэрт хүрсэн минь энэ
Аан за сайн байна. Ингэхэд танай группын “Сан-Эр” гэдэг нэр надад их содон магадгүй банктай холбогдолтой ч юм шиг санагдаад байх боллоо хэмээгээд инээвэл Эрдэнэ ч мөн хариу инээгээд
Та ч аргагүй гярхай байна шүү. Тиймээ Эрдэнэсийн санг сайн эр гэсэн утгатай юм
Зөв зөв за тэгэхээр мөнгө угаах ажилд нь амжилт хүсье. Хэрэв бүтчихвэл ярьсандаа биз дээ?
Би хэзээ ч хэлсэн үгнээсээ буцаж үзээгүй. Банк бүтчихвэл чи 10%-ыг нь эзэмшинэ
Тохирлоо тэгэхдээ бидэнд баримт хэрэгтэй байх. Хэдий найзууд ч гэлээ хожим яаж өөрчлөгдөхийг хэн мэдэх билээ
Мэдээж тэгэлгүй яахав алив одоо бичээд орхье хэмээгээд цаас бал аван дор нь
Сан-Эр группын дэргэдэх банкны 10%-ыг Соном овогтой Цогтгэрэл эзэмших болно. Баталсан “Сан-Эр” группын ерөнхийлөгч Ч.Эрдэнэ 2008 он ”
Болж байна уу?
Болж байна. Одоо харин хоёулаа энийг нотариатаар баталгаажуулах хэрэгтэй хэмээн хэлээд түрүүлэн өрөөнөөс гарвал Эрдэнэ амандаа: Хашир чандага чамайг даа хэмээгээд даган гарлаа.
Энэ өдрөөс хойш төд удалгүй бүх зүйл амжилттай болж Эрдэнэ санасандаа хүрч “ Сан-Эр” группын дэргэдэх “ Дэнсир” банкаа байгууллаа. Эрдэнийн групп 3 охин компанитай бөгөөд мэдэлд нь Арван жилийн сургууль, Их сургууль, Эмнэлэг тэгээд одоо Банк. Түүнээс гадна тэрээр барилга, зам тээврийн ч ажил хийдэг ёстой л манайдаа хэрэгтэй гэсэн бүх салбарт хүч үздэг нэгэн аж.

Tuesday, December 11, 2012

Маргааш гэж өдөр байдгийг хэзээ ч бүү март

Оршил
Хүн амьдрахын тулд л амьдардаг.Тиймээс амьд байгаа хором мөч бүрдээ баярлан талархаж, хайрлан гамнаж, өөрийнхөөрөө өөрийгөө үлдээ...
           Эрдэнэ түшлэгтэй буйдан дээрээ бодолд дарагдан амандаа гаанс тамхи зуун өнгөрсөн бүхнийгээ бодон сууна. Тэрээр ная дөхөж яваа ч өнөө л сэргэлэн нүд нь хариагүй очтон буурал толгойтой нь хоршин гэрэлтэнэ. Өдий наслахдаа юуг үзэж туулав хэмээн гэнэт ийнхүү бодолд дарагдан суугаа нь энэ. Нүдээрээ өрөөгөө тойруулан хараад яах гэж юуны төлөө энэ бүхнийг босгох гэж тэгтлээ тэмүүлсэнээ бодохыг хичээв. Ганц хүү нь гадагшаа сургуульд яваад тэр чигтээ сураг тасран хань нь ч түүнтэй зэрэг өтлөлгүй түрүүлэн орхиж одоо энэ том тансаг ханхай харшид ганцаараа насыг үдэн суугаа нь ийнхүү гиюүрэн бодлогшироход хүргэв. Эрдэнэ багаасаа л зөвхөн ялахын тулд л байдаг байсан. Өнөөдрийн энэ бүх амжилт нь мөн л ялахын тулд л улайран зүтгэсэнийх. Эрдэнэ дээр ирдэг ганц хүн нь түүний асрагч орос авгай аж. Тэрээр гэрийг нь цэвэрлэн, хоолыг нь хийж өгч мөн хувцасыг нь угааж, индүүдэн бэлдэнэ. Түүнд яг дотно найз гэх хүн нэг ч байсангүй. Хэдий найзууд байсан боловчиг одоо энэ цаг мөчид зарим нь бурханы оронд заларч зарим нь аль эрт сураг тасран холджээ. Магад энэ бүхэн Эрдэнээс өөрөөс нь ч болсон байж болох талтай. Тэрээр эхэндээ мөнгө олох гэж л улайрдаг байсан бол сүүлдээ зөвхөн ялахын тулд хэнийг ч юуг ч золиослоход бэлэн золиосолсоор ч ирсэн. Хүү Санчир нь аравдугаар ангиа төгсөөд хаана сурахаа сонгож, сонгож Англи улсад сурахаар явж билээ. Эхний жилдээ аав ээжээсээ байнга мөнгө нэхнэ. Бүр сүүлдээ Эрдэнийн бодож байсанаас ч их хэмжээгээр нэхэн юунд зарлагдаад байгаа нь тодорхойгүй болоод ирэв. Санчир зуныхаа амралтаар ч гэртээ ирсэнгүй. Тэрээр юу хийж байгааг нь үзэхээр шийдэн хэлэлгүйгээр хүүтэйгээ уулзахаар очиж билээ. Тэрээр мөнгө явуулдаг болхоор хаягийг нь мэдэж байсан тул Санчирийг ёстой тэгнэ чинээ санаагүй байтал аав нь гэнэт ороод ирэв. Гэрт тамхины утаа суунаглан, шар айрагны шилнүүд хаа сайгүй хөглөрч үзэгдэнэ. Түүнтэй зэрэгцэн хойд өрөөнөөс эр хүний аахилах эмэгтэй хүний гинших дуутай хослон дуулдахад Санчир бушуухан очин хаалгаа цохиод
Хурдан гарцгаа аав ирчихлээ...хэмээгээд өөрөө ундуй сундуйгаа хаман гүйв. Эрдэнэ энэ бүхнийг харан дуугайхан зогсоно. Нөгөө хоёр ч ум хумгүй хувцасаа өмсөн мэнд мэдсэн болоод санд мэнд гарцгаав. Тэгтэл ч түүнтэй зэрэгцэн шар хүүхэн ариун цэврийн өрөөнөөс дотоожноос өөр хувцасгүй гарч ирсэнээ Эрдэнийг харан зогтусвал Санчир бушуухан өрөөндөө ор манай аав хүрээд ирлээ гэхэд өрөөндөө орон хаалгаа хаалаа.
Аав сайн явж ирэв үү. Хэлэхгүй гэнэт ороод ирэх юм. Өнөөдөр манай ангийнхан амралтын өдөр дээрээс нь манай найз охины төрсөн өдрийг хийгээд жаахан замбараагүй байна. Ээж сайн биз дээ?
 Өөрөөс нь уучлал эрэн гэмээ ухаарах болов уу гэсэн хүү нь үеийнхээ залууг гэнэт ороод ирсэн мэт ярихад нь Эрдэний уур нь ихээр хүрч суусан ч үгүй зогссоор.
Ааваа ийшээ суу би одоохон ус буцаалгатахъя. Гучин жил дарсан виски байна амсах уу хэмээгээд инээтэл Эрдэнэ цаашаа тэвчиж дийлсэнгүй Санчирыг тэгнэ чинээ санаагүй байтал нударга буулган ширээн дээр байсан утасны цэнэглэгчийг аван ороолгож гарав.
Чи яаж байгаа чинь энэ вэ. Чамайг өнөөдөр наргиж цэнгүүлэх гэж би тэнд нойр хоолгүй ажиллаж байгаа юу? Зуны амралт эхэлчихээд байхад юуны чинь амралтын өдөр байдаг юм. Гэрээс гараад оюутан болсон болохоор том хүн болсон толгойгоо өөрөө мэднэ гэж байгаа хэрэг үү чи!
Ааваа болилдоо өвдөж байна ш дээ
Өвдүүлэх байтугай өвчсөн ч яадаг юм. Тэгж байхдаа таарсан хэмээн ороолгож байтал өнөөх хүүхэн өрөөнөөс гарч ирэн хоёр гараа толгой дээрээ авчиран орилж байгаа буцаад өрөөндөө гүйгээд орчихов.
Ааваа би юу буруу хийсэн юм бэ? Ямар ганцаараа дампуураад уугаад байж байсан биш. Найз нөхөдтэйгээ хаяа нэг наргиж болохгүй юу тэ. Та ч гэсэн найзуудтайгаа нийлээд ууж идээд явдаг л биз дээ
Юу юу гэнээ чи тэгээд надтай барьцаж байгаа чинь энэ үү. Яасан том толгойтой болчихсон юм чи. Ингээд чи өөрийнхөө толгойг мэдээд яв за юу...хэмээн орилон хамаг чангаараа цохитол хаалга гаднаас хүчтэй мөрлөн цагдаа нар ороод ирэх нь тэр. Эрдэнэ гайхан тэд нарын өөдөөс харвал нэг нь гарыг нь ард нь гавлаад аваад гарах гэв. Тэрээр хүүгээ эд нарт битгий хэмээн хэлэх болов уу хэмээн хартал хүү нь харин газарт ёолон хэвтэн өнөөх хүүхэн шалбарсан газрынх нь цусыг цэвэрлэн нулимсаа арчиж байгаа харагдахад Эрдэнэ
Түй чамайг харахаас ч ой гутаж байна. Үүнээс хойш намайг эцгээ гэж битгий бодож яваарай хэмээтэл цагдаа нар том дуугарахад нь нэгийг хэлээд Санчирынхаас аван гарлаа. Маргааш өглөө нь төмөр орон дээр хэвтэж байтал хаалганых нь түгжээ мултран цагдаа өрөөнд нь орж ирээд аваад гарав. Тэд явсаар нэгэн тасалгаанд орвол тэнд хүү нь биш өөр залуу хүлээн суув.
Сайн байна уу та. Би таны орчуулагчаар эд нарт мэдүүлэг өгнө. Намайг Энхээ гэдэг
Таны овог нэр?
Чойжилын Эрдэнэ
Та хэдэн настай вэ?
45
Та хаанаас ирсэн бэ?
Монгол улсаас
Ямар ажил хийдэг вэ?
Хувийн компанитай
Та энд яах гэж хэн дээр ирсэн бэ?
Би ганц хүүтэй. Хүү минь энд сурдаг юм тэгээд хүүгээ эргэхээр ирсэн
Таньд зодуулсан залуу таны хүү мөн үү?
Тиймээ миний хүү
Та ямар учраас хүүгээ зодов?
Эрдэнэ асуултад шууд хариулж төвдсөнгүй. Хэрэв ууж идэж байсныг нь хэлбэл цагдаа нар байнга хүүг нь эргэж тойроод амар байлгахгүй тийм болхоор хэмээж суутал
Та асуултанд яагаад хариулахгүй байна?
Манай Монголчууд аав, ээжийнхээ үгэнд орохгүй байгаа хүүхдийг хашраах гэж зоддог юм тэгээд л
Байнга хүүхдээ зодно гэж үү?
Үгүй үгүй яалаа гэж хэрэг хийсэн үед нь л
Танай хүү ямар хэрэг хийгээ вэ? Хэмээн их л нухацтай харах байцаагчийг хараад бас л буруу юм хэлчихлээ хэмээн өөрийгөө зэмлээд
Миний хүүгээ буруутгаад байгаа юм зуныхаа амралтаар ээж дээрээ очсонгүй гэж л
Энэ тэгээд шалтаг уу?
Бидэнд бол маш том шалтаг
За ойлголоо та хэзээ буцах вэ?
Би эндээс гараад л нутаг буцна даа
За тэгвэл 24 цагийн дотор буцаарай. Таныг хүүтэйгээ дахин уулзахыг чинь хориглож байна. Эндээс бид нар онгоцны буудал хүргэж өгч билетийг чинь бичүүлээд онгоцонд суутал чинь таныг харгалзах болно. Харин таны энэ бүх зардлыг чинь хайр найргүй зодсон хүү чинь хийсэн. Мөн гомдолгүй гэдэг бичгээ ч бичин өгч явуулсан байна.
Аан за ойлголоо тэгвэл хэзээ явах вэ?
Одоо шууд. Энэ таныг хориход хурааж авсан зүйлс тоо ёсоороо байна уу шалгаад ав. Тэгээд энэ залуу таныг даган явж онгоцонд суутал чинь харгалзах болно хэмээгээд хайрцагтай зүйл өмнө нь тавив. Орчуулагч залуу түүнтэй мөн хамт явав.
Ах минь таны хүүг хэн гэдэг юм?
Санчир гээд хүү байгаа
Аан Санчирын аав юмуу та?
Чи таньдаг юмуу?
Танилгүй яахав. Лондонд чинь цөөхөн Монголчууд байдаг тэр тусмаа сургуульд сурдаг нь хэдэн биенээ андахгүй ээ
Энэ миний нэрийн хуудас. Чи Санчирыг юу хийж яаж байгааг надад бүгдийг нь хэлж бай. Би оронд нь чамд харамж өгч байя тохирох уу?
Болж л байна. Тэгэхдээ би өдөржин, шөнөжин дагаад сахиад яваад байж чадахгүй бас л оюутан хажуугаар нь энэ мэтийн ажил хийнэ, цагийн ажил ч хийдэг болхоор
Зүгээрээ хамгийн гол нь хичээлдээ явж байна уу, ямар хүүхдүүдтэй нийлээд байна. Ууж идэж байна уу, болох бүтэхгүй нэгэнтээ нийлж замаа алдах вий гэдгийг л сайн тагнаад байхад болно. Ингэхэд чиний утас хэд билээ? Би өөрөө ч болов чамруу ярьж байя
            Эрдэнэ гэртээ их л ууртай орж ирэв. Эхнэр нь түүнээс хүүгийнхээ тухай сонсохыг ихээр хүсч байсан ч Эрдэнэ юун түрүүнд усанд орж гарч ирээд сая нэг ам нээв.
Хүү сайн байна. Би дөнгөж очоод байтал энд яаралтай ажил гараад хүрээд ирлээ. Энэ зундаа ирж чадахгүй өөрөө ажил хийж мөнгөө олно гэж байна. Чи бид хоёрыг ганцхан сургалтынх нь л төлбөрийг хийчих бусад бүх зүйлээ өөрөө зохицуулна гэнэ хэмээн худлаа ярьвал Ханд баярласандаа нулимс унаган
Иш миний хүү ийм л ухаантай хүү дээ. Хүний газар даарч хөрөх вий хоол ундаа сайн идэж байгаарай. Хичээл нь хүнд байвал заавал ажил хийж яах нь вэ. Бид хоёр хэрэгцээтэй мөнгийг нь өгчихнө гэж хэлэв үү чи минь хэмээвэл эхнэрийнхээ занг мэдэх Эрдэнэ
Аанхан хэмээн толгой дохиод ядарч байна хэмээгээд унтахаар орлуугаа явав. Үнэндээ тэрээр унтах нэрээр чимээгүйхэн цаашид хэрхэхийг бодохоор ийнхүү орлуугаа эрт явсан аж. Ханд ч нөхрөө холын замд ядраад ирсэн байх хэмээн санан чимээгүйхэн зурагтаа асаан дууг нь намсгаад мөн суулаа.